Гемоглобин
Гемоглобин нь эритроцитын бүрэлдэхүүнд ордог нийлэг уураг бөгөөд уураг /глобин/ ба төмрийн нэгдэл /гема/ гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Энэхүү төмрийн атомууд буюу гема нь цусыг улаан өнгөтэй болгож байдаг.
Гемоглобин нь хүчилтөрөгч ба нүүрсхүчлийн хийг уушги болон бусад эрхтнүүдийн эсүүдийн хооронд тээвэрлэх үйл явцад оролцон, цусны хүчил шүлтийн тэнцвэрийг тогтоон барьж байдаг. Цусан дахь гемоглобины хэмжээ хангалтгүй үед хүчилтөрөгчийг эд эрхтэнд хүргэх явцад хүндрэл үүсч эсүүд хангалттай хүчилтөрөгч авч чадахаа байснаас үүдэн бодисын солилцоо болон үйл ажиллагаа нь алдагддаг.
Гемоглобины уурагт глюкоз нэгдэх үед глюкожсон гемоглобин бий болно.Чихрийн шижингийн үед цусанд глюкозын илүүдэл үүсэх үед ийм төрлийн уургийн түвшин нэмэгддэг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу глюкожсон гемоглобины түвшинг тогтоох шинжилгээ нь чихрийн шижинг оношлоход ашиглагддаг хамгийн үр дүнтэй бөгөөд зайлшгүй шаардлагатай арга юм. Чихрийн шижинтэй хүмүүс ийм шинжилгээг улиралд нэгээс цөөнгүй удаа өгч байхыг зөвлөдөг.
Мөн феталь гемоглобин гэсэн бас нэгэн өөр хэлбэрийн гемоглобин байдаг. Энэ нь ердийн бүтэц болон чанарын хувьд ердийн гемоглобиноос ялгаатай. Энэ гемоглобин нь нярай хүүхдийнх бөгөөд тэдний цусан дахь агууламж нь 80% хүртэл байдаг. Гэвч нэг ой гэхэд феталь гемоглобин нь задарсаар бараг 100% насанд хүрэгчдийн гемоглобиноор солигддог. Феталь гемоглобин насанд хүрэгчдийн цусанд агуулагдаж байгаа тохиолдолд хүнд өвчний шинж тэмдэг болдог. Нярай хүүхдийн гемоглобины агууламжийг тодорхойлох шинжилгээг цусны болон хавдрын өвчний үед хийдэг.
Эрэгтэйчүүдийн цусан дахь гемоглобины хэмжээ нь эмэгтэйчүүдийнхээс өндөр байдаг. Нэг ой хүртэлх насны хүүхдийн гемоглобины хэмжээ нь бага байдаг.
Глюкожсон гемоглобины хэвийн хэмжээ нь цусан дахь чөлөөт гемоглобины түвшингийн 4-6,5%. Ингэхдээ глюкожсон гемоглобины түвшин нь цусан дахь гемоглобины хэмжээнээс хамаарахгүй. Насанд хүрэгчдийн цусан дахь феталь гемоглобины хэвийн хэмжээ нь 1% хүртэл агуулагддаг.