Натри
Натри (Na) нь эсийн гаднах шингэний үндсэн бүрдүүлэгч юм. Натри болон кали нь эсийн гаднах шингэний хэмжээ, осмос даралтыг зохицуулдаг. Натри нь хүний хэвийн өсөлтөнд шаардлагатай, мэдрэлийн эс, булчингийн хэвийн үйл ажиллагаанд хэрэгтэй, кальци болон бусад эрдэс бодисыг цусанд уусмал байдлаар хадгалахад хэрэгтэй.
Хоол хүнсээр орж ирж байгаа натри, бие махбодийн доторх натрийн тээвэрлэлт ба бөөр болон хөлсний булчирхайгаар гадагшлах гэсэн үйл явцаас натрийн цусан дахь агууламж хамаарч байдаг. Натри нь хүнсний давс, далайн хавч, лууван, үхрийн борц, тархи, бөөр, утсан маханд агуулагддаг. Гэвч цусан дахь натрийн хэмжээг ихэсгэх хялбар боловч багасгах нь хавьгүй хүнд байдаг. Хоол боловсруулах зам, бөөр, бөөрний дээд булчирхай эмгэг, шингэн их хэмжээгээр алдах, шингэний дутагдалд орох зэрэгт цусны сийвэн дэх натрийн хэмжээг тодорхойлох шинжилгээг хийдэг.
Сийвэнгийн натрийн хэмжээ ихсэх буюу гипернатриеми нь дараах тохиолдолд үүсдэг:
- Бие махбодид ус дутагдах
- Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа хэт идэвхжих
- Ком, харааны товгорын гажиг
- Чихрийн бус шижингийн vед шээс ялгаралт нэмэгдэх
- Натрийн давсны хэмжээ хэт өндөр байх
Мөн зарим төрлийн эм бэлдмэл хэрэглэсний дараа болон хүнсний давс хэтрүүлэн хэрэглэх үед цусан дахь натрийн хэмжээ нэмэгддэг. Иймд, утсан болон давсалсан мах, зайдас, кетчуп, гич, хурц сүмс зэргийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа даралт ихтэй хүмүүс хүнсний давсны хэрэглээнд маш анхааралтай хандах хэрэгтэй.
Сийвэн дэх натрийн хэмжээ буурах буюу гипонатриеми нь дараах тохиолдолд үүсдэг:
- Хүнсэнд натри дутагдах
- Гүйлгэх, бөөлжих үед хоол боловсруулах замаар их хэмжээний шингэн алдах
- Шээс хөөлгөх үйлчилгээтэй эмийн тунг хэтрүүлэх
- Бамбай булчирхайн үйл ажиллагааны дутагдал
- Чихрийн шижин
- Хаван
- Бөөрний дутагдал, нефротик хам шинж
- Бөөрний архаг дутмагшил
- Элэгний цирроз, элэгний дутмагшил