
Шүдний эмчилгээ
Эрт байх тусмаа л сайн!!!
Шүд өвдөж, зовиур өгсний дараа л хүмүүс ихэвчлэн шүдний эмчид ханддаг. Зарим тохиолдолд шүд өвдөөд байгаа хэрнээ хүмүүс тэвчээд л яваад байдаг. Шүд нэгэнт өвдсөн бол шүдний эмчид очиж эмчлүүлэхээс нааш шүдний өвчин намдахгүй. Шүдний эмч нарын гол зорилго нь шүдний эрүүл эдээс бага авч, шүдийг гоо сайхны болон үйл зүйн хувьд бүрэн сэргээх, шүд авсан тохиолдолд түүнийг орлуулах билээ.
Цоорлын эмчилгээ
Шүдэнд үүссэн цоорлыг эрт илрүүлж, цоорлыг бага дээр нь ломбодуулан эмчлүүлснээр цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Цоорсон шүдийг тоохгүй явснаар тухайн шүднээс халдвар зэргэлдээх шүд рүүгээ тархдаг. Улмаар цоорол хүндрэн шүдний зөөлцийг халдварлуулан үрэвсүүлж хүндэрдэг. Ийнхүү халдвар тархан цааш хүндэрснээр тухайн шүдийг авахуулахад хүрдэг тул үйлчлүүлэгч та амны хөндийн эрүүл мэнддээ анхаарч шүд цоорсон үед аль болох бага түвшний цооролтой байхад нь эмчлүүлэн өөрийн шүдийг хамгаалан үлдэх хэрэгтэй.
Шүд ломбодох?
Шүдний цоорлын үед цоорсон хэсгийг цэвэрлэн гоо зүйн хувьд болон зажлах үйлийг нь ломбоор сэргээж өгч байгаа эмчилгээний нэг төрөл билээ. Цоорлын эмчилгээний үед шүдний эмч хурдан эргэлттэй өрмийн тусламжтайгаар цоорлын хөндийг цэвэрлэсний дараагаар хуванцар, шаазан зэрэг ломбоны төрлөөс тохиромжтойг сонгон ломбодож өгнө.
Цоорлын явцын 4 үе шат
1–р шат. Өнгөц цоорол
- Шүдний паалангийн түвшинг хамарсан цоорлыг хэлнэ.
- Энэ нь цагаан болон хар толбо эсвэл зураас мэт харагддаг, зондоор үзлэг хийхээс нааш өвчтөнд өөрт мэдэгдэхгүй
- Өвдөлт зовиургүй.
2–р шат. Дунд болон гүн цоорол
- Цоорлын хөндий нь шүдний гүн рүү яван тугалмайг хамарсан байна.
- Халуун, хүйтэн хоол хүнс хэрэглэхэд мэдрэг болсон байна.
- Шүдэнд нүх үүссэн байх боловч хоол зажлан идээгүй үед өвдөлт зовиургүй
3–р шат. Зөөлцийн үрэвсэл
- Шүдний цоорлоос үүдэн зөөлцөд үрэвслийн процесс явагдах үе
- Халуун, хүйтэн хоол хүнсэнд илүү их мэдрэг болж, өвдөлт удаан үргэлжилдэг.
- Маш их өвдөлт үүсдэг.
4–р шат. Авагдах заалттай шүд
- Зөөлцийн үрэвсэл эмчлэгдэхгүй явснаар шүдний сурвалжийн орой руу тархан, идээ, шүүдэс хуримтлагддаг.
- Сувгийн эмчилгээ удаа дараа хийсэн ч эмчилгээний ахиц гарахгүй, цааш халдвар тархах суурь болж байвал тухайн шүдийг авахуулдаг. Авахуулсны дараа шүдний ормонд зайг нөхөж хиймэл шүд хийх шаардлагатай болдог.
4 stages of a Cavity Development
Шүдний ломбоны материалууд
МАТЕРИАЛ | ДАВУУ ТАЛ | СУЛ ТАЛ |
АМАЛГАМ | Өртөг хямд | Хоёрдогч цоорол үүсдэг
Шүдний эдээс их хэмжээгээр авах шаардлагатай Шүдний өнгө хувирдаг |
ХУВАНЦАР | Шүдний өөрийн өнгөтэй хамгийн ойр шүдний эдээс бага авч хийгддэг |
Яваандаа хуванцар ломбоны өнгө хувирдаг
Зажлалтын хэт их ачаалал авбал ломбо элэгддэг |
ШААЗАН | Шүдний өөрийн өнгөтэй хамгийн ойр | Шаазангийн орцтой учир хэт хүчтэй хазах, санамсаргүй байдлаар гадны биет зажлахад хагарч цууурч болно |
Цоорлоос урьдчилан сэргийлэх аргууд
Шүд угаалт | Фтор | Сийлант |
Цоорлоос сэргийлэх хамгийн шилдэг арга- шүдээ тогтмол угаах | Фтор нь шүдний пааланг эрдэсжүүлж илуу бат бөх болгоно | 6 наснаас эхлэн байнгын шүд ургах үед цоорлоос сэргийлэх ломбо буюу сийлант тавиулах хэрэгтэй |
Шүдэнд цэвэрлэгдээгүй үлдсэн хоолны үлдэгдэл нь цоорол үүсгэх шалтгаануудын нэг болдог. Тиймээс хоол идсэнээс хойш 3 минутын дотор 3 минутын турш, өдөрт 3 удаа шүдээ угаах буюу 3.3.3 гэсэн системээр шүдээ угааснаар цоорлоос хамгаалах боломж бүрддэг | Фтор нь шүдийг хүчилд тэсвэртэй болгож цоорлоос сэргийлэхээс гадна эхний түвшинд явж байгаа цоорлыг зогсоож өгөхөд тусалдаг | Хоолны үлдэгдэл нь араа шүдний ховил хонхорт тээглэн үлдэн улмаар цоорол үүсгэдэг. Тиймээс сийлант нь араа шүдний төрөлхийн ховил хонхорыг бөглөж өгсөнөөр цоорлоос сэргийлэхэд тусалдаг |