Хоншоорын хөндийг өргөх мэс ажилбар
Хоншоорын хөндийн доод ханыг өргөх эмчилгээ гэж юу вэ?
Дээд араа бүлгийн шүднүүд нь анатомийн хувьд хоншоорын ханатай ойр байрлалтай байдаг. Шүдгүй болсноос хойш хоншоорын түүшин яс шимэгдэн хэмжээний хувьд багасдаг. Үүнтэй холбоотой хоншоорын хөндийн доод хана доош сунадаг. Ийм тохиолдолд хоншоорын хөндийн доод ханыг цоорох, гэмтэхээс хамгаалах зорилгоор яс нөхөх эмчилгээ хийгддэг нь ХОНШООРЫН ХӨНДИЙ ӨРГӨХ мэс ажилбар юм. Дээд шүднүүдийн түүшин яс цусан хангамжаар баялаг учир яс нөхөх эмчилгээ өндөр үр дүнтэй байдаг.
Шүдний эмч СТ зураг аван хоншоорын хөндий хүртэлх түүшин ясны хэмжээг тогтоон имплант хийгдэх боломжтой эсэхэд үнэлгээ хийнэ.
Хоншоорын хөндийн мембраныг яс нөхөх материал хийн өргөж өгснөөр түүшин ясны өндрийг хангалттай болгон хоншоорын ясанд имплант суулгах нөхцөлийг бүрдүүлнэ. Түүний дээгүүр хамгаалалтын давхарга үүсгэх мембран, ясны бороололт эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор PRP болон PRF хийж өгөх эмчилгээг манай эмнэлэг нэмэлтээр санал болгодог.
Ясны нөхөлт хийгдэн түүн дээр имплантаа байрлуулан суулгаснаас хойш ойролцоогоор 6 сарын дараа яс бороололт хангалттай болсон үед цөгц хийнэ.
FAQ-Асуулт хариултууд
- Имплант хийх бүрт яс нөхөлт хийх шаардлагатай юу? Ямар үед яс нөхсөний дараа имплант суулгадаг вэ?
Шүдний имплант суулгах үед түүшин яс хангалтгүй байх нь мэдрэл гэмтэх, хоншоорын хөндийг цоолж гэмтээх зэрэг сөрөг нөлөөтэй байдаг учир яс нөхөлт хийдэг. Зарим тохиолдолд түүшин яс хангалтгүй байхад суулгасан имплант тогтоцгүйгээсээ үүдэн унах тохиолдол гардаг. Тийм учраас имплант суулгахаас 2-6 сарын өмнө болон тухайн мөчид имплант суулгахтай зэрэг яс нөхөж өгснөөр дээрх хүндрэлүүдээс сэргийлэх боломжийг бүрдүүлдэг.
- Имплант суулгахад их өвдөх үү?
Мэдээ алдуулалт хийснээс хойш өвдөлтгүй болдог. Гэвч мэс ажилбарын явц, хүнд хөнгөний зэргээс шалтгаалж болно. Дараах нөхцөлд өвдөлтийг мэдэрч болно.
Үүнд:
- Удаан хугацаанд үргэлжилсэн хүнд мэс засал
- Олон үйлдэл хийгдэх мэс ажилбар
- Цус алдалт үүссэн мэс засал
Хэдий хоншоорт имплант хийх нь ажилбарын хувьд эрүүнд хийхээс хүнд ч үйлчлүүлэгчид таагүй байдал мэдрэгддэггүй. HFS Stem Cell Clinic-ийн эмч нар үйлчлүүлэгчиддээ өвдөлтгүй, айдасгүй эмчлэх бүхий л бололцоог ханган ажилладаг.
- Яс нөхөлт хийсний дараах менежмент
Яс нөхөлт хийснээс хойших эхний 2 долоо хоног хамгийн чухал үе байдаг. Үйлчлүүлэгчид тухайн мэс ажилбар хийгдсэн орчмоос цус бага зэрэг шүүрч гарч болно. Ийм үед шүлсээ сорж хаялгүй оронд нь шүлсээ залгихыг зөвлөдөг. Ясны нөхөлт хийсэн мэс ажилбарын дараах 3 хоног эм уух шаардлагатай байдаг ба энэ үед согтууруулах ундаа, тамхины хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Учир нь тамхи татах нь биед орох хүчилтөрөгчийг бууруулж ясны эд нөхөн төлжихөд цусны эргэлт, эрдэсжилтийг сааруулдаг. Өвдөлт зовиур эхний 2-3 өдөрт үүсдэг тул энэ үед хүйтэн жин тавих нь хаван хавдрыг бууруулж өвдөлтөөс үүссэн зовиурыг багасгахад тусладаг. Мөн биеийн хэт ачаалал өгсөн дасгал хөдөлгөөн аль болох хийхгүй байж, халуун саун, усанд орохоос зайлсхийх хэрэгтэй. Шүдээ хэт дарж угаалгүй, амаа зайлж байх хэрэгтэй ба зөөлөн, зажлуур багатай хоол хүнс хэрэглэхийг санал болгодог.
- Хоншоорын хөндийг өргөх мэс ажилбар хийлгэсний дараах менежмент
Хоншоорын хөндийн доод ханыг өргөж яс нөхөх мэс ажилбар хийлгэсний дараах 2-3 хоногт нусаа хүчтэй нийж болохгүй. Үүний оронд салфеткаар арчихыг зөвлөдөг. Найтаах үед амаа ангайх хэрэгтэй. Энэ нь эмчилгээ хийсэн талбайд даралт нэмэгдэж, хамраар дамжин гадны биет орж халдварт үрэвсэл үүсэх эсвэл оёдол задрах зэргээс сэргийлэхэд тусалдаг. Согтууруулах ундаа, тамхийг хязгаарлах ба мэс ажилбар хийгдсэн орчинг хэл, хуруу зэргээр хүрч оролдохгүй байх хэрэгтэй. Өдөрт 2 удаа амаа зайлах хэрэгтэй. Мөн дээрх мэс ажилбар хийлгүүлсэн үйлчлүүлэгчид маань эхний 3 хоногтоо биеийн ачаалалтай дасгал хөдөлгөөн хийх, халуун саун, усанд орохоос зайлсхийх хэрэгтэй.